Гоминдан намын дарга: Тайванийг дараагийн Украин болоосой гэж хүсэхгүй байна
Тайванийн Гоминдан намын дарга Чен Лиюань Хятадад айлчлахаасаа өмнө NBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Би Тайванийг дараагийн Украин болоосой гэж хүсэхгүй байна" гэжээ. Улмаар Тайванийн 23 сая хүн дайнаас зайлсхийхийн тулд Хятадтай найрсаг харилцаатай байх ёстой гэж үзэж буйгаа онцлоод "Бид бүхэн “Би хятад хүн” гэж бахархалтайгаар, итгэлтэйгээр хэлж чаддаг байх ёстой" гэжээ. Гоминдан намын даргын энэхүү айлчлал нь 10 жилийн дараа болж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Гоминдан нам, Коммунист намын удирдагчдын хооронд дээд хэмжээний уулзалт хийх боломжийн талаар мөн хэлэлцэж байна.
Чэн Лиюань бол Тайванийн улс төрд үзэл суртлаараа онцгой ялгардаг нэгэн юм. Түүний эцэг 1969 онд эх газрын Хятадаас ирсэн үндэсний засгийн газрын цэрэг, эх нь тайвань гаралтай хүн байв. Чэн Лиюань 1980-аад оны сүүл үед Тайванийн Үндэсний их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байхдаа ардчиллын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардсан "Цагаан сараана" зэрэг Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих хөдөлгөөнд оролцож, үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж байв. Тэрбээр сургуулиа төгсөөд одоогийн эрх баригч нам болох Ардчилсан дэвшилтэт намд элсэж, Залуучуудын хэлтсийн дэд захирлаар ажиллаж байжээ. Гэвч 2002 онд намын удирдлагаа шүүмжилж, Хятад, Тайванийн харилцааг зохицуулсан “Хоёр улсын онол”-той санал зөрөлдөж байгаагаа илэрхийлэн намаасаа гарсан байна. Дараа нь Хятадыг дэмжигч хандлагаа үе үе илэрхийлж улс төрийн хүрээний анхаарлыг татсан бөгөөд 2005 онд Гоминдан намд элсжээ. Улмаар 2008 онд парламентын гишүүнээр сонгогдож, мөн оныхоо аравдугаар сард Ззасгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2014 онд албан тушаалаасаа буусны дараа телевизийн цаг үеийн мэдээний нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж олны танил болсон юм. Ингээд 2018 онд Гоминдан намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, өнгөрсөн оны аравдугаар сард тус намын даргаар сонгогдсон билээ. Сонгогдсоных нь дараа өдөр Ши Жиньпин дарга түүнд баярын цахилгаан илгээж "Хоёр нам нийтлэг хөгжлийг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах ёстой" хэмээн мэдэгдэж байв. Жэн Лиюань энэ сарын 7-ноос 12-ны хооронд Хятадын Жянсу муж, Шанхай, Бээжин хотуудад айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ удаагийн айлчлалын гол зорилгоо "Тайванийн хоолойд энх тайвныг тогтоох нийтлэг хүслийг бататгах явдал" гэж мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







